УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨРТ
Nyigma Tsomo Khaliun Nyigma Tsomo Khaliun
3.2K subscribers
64 views
3

 Published On Sep 10, 2023

МБШТ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ ХАМБА НОМУН ХАН, АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ГАВЖ ДЭМБЭРЭЛИЙН ЧОЙЖАМЦЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ
ЗОРИУЛСАН АЙЛДВАР
Ачит багш хийгээд авралт гурван эрдэнэ дор мөргөмүү.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн үйл ажиллагаанд морилон саатсан Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, түүхийн ухааны доктор Г.Мягмарсамбуу болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү 4.3 Энх тайвны сангийн тэргүүн Ко Хи Бум болон хуран чуулсан номын буяны садангууд та бүгдийн амар амгаланг айлтгая.
Монгол оронд өрнөсөн улс төрийн их хэлмэгдүүлэлт нь одоогоос 101 жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улсын коминтерны зааврыг эсэргүүцсэн Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт тулган яллаж цаазласан явдлаар анхлан эхэлсэн байдаг. Улмаар язгууртан, үндэсний хөрөнгөтнүүд, эрдэмтэн лам хуврагууд, сэхээтнүүдийн төлөөллүүдийг үе шаттай хилсээр хэлмэгдүүлсээр 1937 он гаргасан.
Ердөө 87 жилийн өмнөх яг энэ өдөр Монголын түүхэнд хэзээ ч арилашгүй цусан мөр үлдээсэн Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдсанаар Монгол орныг улс төрийн их хэлмэгдүүлэлт бүхэлд нь нэрвэх эхлэл тавигдсан. Тус Онцгой бүрэн эрхт комисс нь зөвхөн 1937-1939 оны хооронд нийт 51 удаа хуралдахдаа 20 гаран мянган хүмүүст улс төрийн хилс хэрэгт тохон буудан алах ял оноон гүйцэтгэсэн байдаг нь зөвхөн хэлмэгдүүлэлт төдий бус хоморголон устгах ажиллагаа болсон юм.
Үндсэндээ 1922-1955 оны хооронд явагдсан хэлмэгдүүлэлтийн цуст яргаллаар нийт хүн амын 5 хувь, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь нь уг улс төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд алтан амиа егүүтгүүлсэн нь үнэхээр зүрх шимшрээм. Энэ тоо үзүүлэлтийг үзвэл тухайн үеийн айл өрх бүр шууд болон шууд бусаар тус улс төрийн их хэлмэгдүүлэлтийн тэсвэрлэхүйеэ бэрх гашуун зовлонг туулсан байдаг.
Тус улс төрийн их хэлмэгдүүлэлт нь Их Монгол Улсыг байгуулсан эзэн Богд Чингис хааны Алтан ургийн удмыг тасалж, алдраа дуурсгасан агуу баатруудын түүхийг баллуурдаж, 200 гаран жил тогтносон Манж Чин Улсын ноёрхлоос салах үйлсийг оройлон туурга тусгаар Богд Хаант Монгол Улсыг байгуулсан 8 дугаар Богд Жэвзүндамба хутагтыг гавъяаг үгүйсгэн доромжилж, түүний төр, шашны үйлст амиа хайрлалгүй зүтгэсэн хутагт хувилгаад, лам хуврагууд болон Бурханы шашны гурван аймаг савын номд мэргэжсэн олон мянган эрдэмтэн лам хуврагуудыг егүүтгэхээс гадна тухайн үеийн нийгмийн бүх давхаргад хэзээ ч арилшгүй цусан мөр татуулсан.
Түүнээс гадна уламжлалт Бурханы шашны 1000 орчим хүрээ хийд, асар нандин бурхан шүтээн, хосгүй гайхамшигт урлагийн бүтээл, шашны эд зүйлсийг тонон дээрэмдэж эвдэн сүйтгэхээс гадна олон зууныг дамнан оршин тогтнож байсан Монголын үе үеийн нийгмийн санах ой болсон түүхийн сурвалж бичиг, Монголын агуу эрдэмтэн лам нарын Бурханы шашны арван ухааны чиглэлээр туурвисан оюуны хосгүй бүтээл шастир, судар ном, ургийн бичиг хөтлөх ёс зэрэг асар их өв соёлыг зориуд устгаж оронд нь улс төрийн үзэл сурталжсан шинэ коммунист түүхийг тулгаж нэгэн жарныхны тархийг угаасны үр дагавараар энэ үе ч өөрсдийн бахархах учиртай түүх, бичиг үсэг, шашин, соёл, удам угсаагаа сайн мэдэхгүйд хүрч байна. Аливаа улс орны оршин тогтнохуйн тулгуурд эх түүхээ судлан дээдлэх, үндэсний бичиг үсгээ сайтар эзэмших, шашин соёлоо мэдэж бахархах, удам угсаагаа таниж мэдэх явдал байдаг. Гэвч энэ цаг үеийнхэн эдгээрээс ихэд алслагдсаныг ажихад тухайн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөө хүртэл бүрэн арилаагүй ам бөхтэй оршсоор байгаагийн илрэл юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдаж 1991 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисстой хамтран зохион байгуулж буй өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго нь улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг дурсан санах, улс төрийн их хэлмэгдүүлэлтийн хор уршигийг ард иргэдэд мэдүүлэх, хойшид тийм гашуун зовлонг давтуулахгуй байхад чиглэж байна.
Тус Цагаатгах Ажлыг Удирдан Зохион байгуулах Улсын Комиссоос хилсээр гүтгэгдэн алтан амиа егүүтгүүлсэн төр, шашин, нийгмийн сор болсон олон мянган зүтгэлтнүүдийн асуудлыг нягтлан шалгаж цагаатгуулах ажлыг эрхлэн зохион байгуулж ирсэн явдал нь түүхэн ач холбогдолтой тул бид бүгд гүнээ талархдаг.
Өнөөдөр Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийд тэргүүтэй нийт сүм хийдүүд улс төрийн хэлмэгсдэд зориулан хурал ном хурж байгаа тул буяны садангууд та бүгд сүсэглэн залбирч ерөөл мааниа зориулаарай.
Ум сайн амгалан болтугай.
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуган
2023 оны 09 дугаар сарын 10-ны өдөр.

show more

Share/Embed